УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.03.03/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодотгож байв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.