Хоёрдугаар сарын зургааны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын тал 931 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэснийг “SXCoal” мэдээллээ.
БНХАУ Австралийн нүүрсний экспортод албан бус хориг тавьсан ч хэсэгчилсэн байдлаар сулруулахаар болсон юм. Энэ нь Монгол Улсын нүүрсний импортод тодорхойгүй байдал үүсгэхээр байна. Хэдий тийм боловч Монгол Улс газарзүйн байршлын хувьд ойроос гадна төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь 2023 онд Монголоос авах нүүрсний хэмжээ өндөр байх төлөвтэй гэж БНХАУ-ын компаниуд үзэж байгаа аж.
Коксжих нүүрсний үнэ бага зэрэг өсөөд байгаа бөгөөд Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1480-1550 юанийн хооронд хэлбэлзэж байна.
БНХАУ-ын коксжих нүүрс болон коксын эрэлтийн хувьд үл хөдлөх хөрөнгө болон гангийн үйлдвэрлэл ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал: гангийн үйлдвэрлэл бага байгаатай холбоотойгоор одоогоор коксжих нүүрсний эрэлт бага байгаа юм. Хэдий тийм боловч 2023 онд БНХАУ-ын Засгийн газар барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж, барилгын салбарт гангийн хэрэглээ нэмэгдвэл коксжих нүүрсний эрэлт улам нэмэгдэнэ гэж үзэж байна.