“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Чингис, Самурай бонд босгож Хөгжлийн банкийг санхүүжүүлсэн. Хөгжлийн банк ямар төслүүдийг санхүүжүүлэх зорилготой байсан бэ?
Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан:
Хөгжлийн банкны тухай хууль 2012 онд батлагдсан. 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон. Хоёр хуулийн зохицуулалт бол экспортыг дэмжих, импортыг орлох. Импортыг орлож байгаа дотоодын үйлдвэрүүдийг дэмжих.
Д.Батлут:
Нийт босгосон бонд, валютаар орж ирсэн хүүтэй мөнгөнийхөө ихэнх хувиар шахуу улсын төсвийн санхүүжилтээр хийх боломжтой ажлуудыг санхүүжүүлчихсэн. Нэг ёсондоо иргэнд үр ашгаа өгөх тал дээр боломж байхгүй. Эргээд Монгол Улсын эдийн засагт ачаа үүрүүлэх нөхцөл үүсгэсэн. Бид үйлдвэрлэгч орон биш. Зээлийн 80-90 хувь нь гадагшаа гараад явсантай санал нэг байна. Магадгүй зам барилгын түүхий эд материалын зардалд гадагшаа гараад явчихсан. Багахан хувь нь Монголд үлдсэн. Энэ төслүүдийг санхүүжүүлэхдээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нийт зээлийн хэдэн хувийг зарцуулсан бэ? Хэдэн хувь нь улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн бэ?
Хөрөнгө оруулалтын ажлууд хийхдээ зураг төсөв нь батлагдаагүй ажлууд хийгдсэн гэх мэдээлэл байна. Тэгэхээр нийт ажлуудын хэдэн хувь нь магадлан хийлгээгүй байхдаа гэрээ байгуулж ажлаа эхэлсэн бэ? Түүний дараа зураг төсөв нь эцэслэн батлагдангуут ямар хэмжээгээр нэмэгдсэн бэ?
Ажлууд нь одоог хүртэл дуусаагүй байна гэж байна. Ямар ажлууд ямар шалтгааны улмаас дуусаагүй вэ? Энэ ажлууд дуусах боломж байна уу? Бидний авсан зээл үр өгөөжтэй байсан уу? Үгүй юу? Мөнгө босгоод зээл олгосон нь хуулийн хүрээнд байсан уу? Үгүй юу? Н.Батбаяр сайдтай санал нэг байна. Энэ хүн ажил хийхийн төлөө явсан байна. Тодорхой үр дүнгүүд гарсан байна. Засагт ажиллаж байгаа хүн шийдэл гаргахын төлөө байдаг. Гэхдээ хуулийн хүрээнд.
Б.Амгалан:
Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш нийт 7.5 их наядын төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Үүнээс 2.5 буюу 33 хувь нь улсын төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөр. Үлдсэн нь арилжааны банкуудаар дамжуулан олгосон төслүүд.
Хөгжлийн банкны одоо мөрдөгдөж байгаа хуулиар төсөл хөтөлбөрийн 60 хувь нь экспорт руу чиглэсэн байх хуультай. Магадлангийн хувьд манай банканд мэдээлэл байхгүй. Учир нь ерөнхий гэрээ байгуулдаг байсан. Төсөл гүйцэтгэгч, захиалагч, Сангийн яам гэж ордог байсан. Сангийн яамнаас эрхийг нээж, Хөгжлийн банк санхүүжилтийг олгодог байсан.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн:
Манай яам 26 ажил төсөвлөсөн байсан. 2010-2011 онд 100 мянган орон сууцны хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн ажлын зураг төсөв нь хийгдсэн байсан. 2011 оны ажлын зураг төсвөөр хийсэн учраас манай яамны хувьд төсөв өөрчлөгдсөн зүйл байхгүй.
Ж.Сүхбаатар:
Экспортыг дэмжсэн импортыг орлох төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдэг чиглэлд хэр анхаарч байсан бэ?
Р.Эрдэнэбүрэн:
Н.Батбаяр сайд түрүүнд хэлсэн. 1.8 сая тонн цемент гаднаас импортолж байсан бол 3.5 сая тонны хэмжээтэй гурван том цементийн үйлдвэрийг санхүүжүүлсэн гэж хэлсэн. Манай яам дэд бүтцээ хариуцаж байсан учраас хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байсан.