Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж буй.
Тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хяналт тавьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг өчигдөр өглөө.
Тухайн өдрийн байдлаар зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дууссан байна. Мөн Улсын комисс өчигдөр тус байгууламжийг хүлээн авахаар ажиллажээ.
Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, авто зам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгээд байгаа юм.
Харин тус хилийн боомтын ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.
Ачаа тээврийн цогцолборыг 2023 оны долдугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм.
Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байна гэж Барилгын хөгжлийн төвөөс мэдээлэв.