Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Эрүүл ахуйн товчоо гурван төрлийн программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зохион бүтээгээд байна. Энэ нь ажлын байрны хялбар танилтын систем буюу QR-аар коджуулах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний программ зохион бүтээх, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах программ хангамжийг ашиглалтад оруулах зэрэг юм. Тус программуудыг ашиглалтад оруулснаар тухайн ажилтан өөрийн эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг цахим хэлбэрээр хянах, хүлээн авах, ажлын байрны орчин нөхцөлийн талаар кодолсон мэдээллийг хялбар танилтын систем буюу QR ашиглан мэдэх боломжтой. Тухайлбал, QR кодыг уншуулахад тухайн ажлын байрны шуугиан, тоосжилт, доргион чичиргээтэй эсэх талаарх эрсдэлийн мэдээлэл харагдах бөгөөд ажилтан тодорхой мэдээллийг богино хугацаанд авах аж. Түүнчлэн ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчоо, ХМТАЦ, Хүний нөөц, захиргааны хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн газрын хэмжээнд нэвтрүүлж буй энэхүү программ хангамжийн ажилд оролцож байна. ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчооны Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг: “Эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн газрын хэмжээнд нэвтрүүлэхээр зохион бүтээж байгаа дээрх программуудыг ашиглахын тулд ойрын хугацаанд цехүүдийн эрүүл ахуйч, бага эмч нарт сургалт явуулахаар төлөвлөөд байна. Бага эмч нарын гараар бичдэг бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр урьдчилан сэргийлэх үзлэгийн болон бусад төрлийн мэдээлэлд дата анализ, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ” гэв.
УУРХАЙЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХАД ЧИГЛЭСЭН ПРОГРАММУУД ЗОХИОН БҮТЭЭЖ БАЙНА
2022/12/07- 0
- 291