Дэлхийн зэсийн зах зээл дээр Монголыг төлөөлдөг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанаас гадна байгаль орчин, хог хаягдлын менежмент, тоног төхөөрөмжийн ашиглалт, геотехникийн чиглэлээр “Оюутолгой”-гоос туршлага судлан хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

“Оюутолгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер Эрдэнэт үйлдвэрт анх зочлоход төсөөллөөс давсан үйлдвэрийн орчин, найрсаг хамт олон, уурхай дагасан хот угтсаныг онцлоод, 44 жилийн түүхтэй энэ үйлдвэрээс туршлага судлах зүйл маш их байгааг анзаарлаа гэв. Тэрээр аюулгүй ажиллагаа, тэр дундаа ноцтой эрсдэлийн менежментийн чиглэлээр тууштай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. 
Мөн Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэх боломж байгааг танилцуулаад, Эрдэнэт үйлдвэр “Оюутолгой” компанийн өмнө бүх талаар нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Зэсийн магнат үйлдвэрийн удирдлагууд уламжлал, шинэчлэлийг хослуулан өргөн хүрээнд хамтран ажиллахаар Санамж бичгээ баяжуулан шинэчилж, дараагийн уулзалтаар үзэглэхээр тохиролцов.