ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэ дагуу есөн банканд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Тус банкууд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нэг хувийн шимтгэлтэй холбогдуулан иргэдийн зүгээс ББСБ-ыг шалгах санал ирүүлсэн. Одоогоор 527 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас 50-д нь хяналт шалгалт явууллаа. Үүнээс 26 ББСБ-д зөрчил илэрсэн. Зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчлүүд гарч байгаа.

Орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл маш ихээр ирж байна. Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсон. Үүний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэрэг хохирлууд иргэдэд учирч байна. Энэ дагуу бид 60 сая төгрөгийн гомдлыг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зөвхөн нэг нь гэхэд байраараа буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан жишээний. Барилгын найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж буй. Иймээс ипотекийн зээлийг наймаас зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөхийг Монголбанканд хандсан.

Гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор бид хяналт шалгалт явуулсан. Мөн сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Хэрэглэгчээс Номин сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. Номин сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг бөгөөд бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагаас хямд буюу ижил төстэй үнэтэй байх ёстой аж. Гэтэл Оргил худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа Номинд 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарчээ. Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад тухайн Номингийн зүгээс Оргил сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан.

Номингоор дамжсан бараа бүтээгдэхүүн 30 хувийн нэмэгдэлтэй байдаг. Нийлүүлэгч талтай хийсэн "Хамтран ажиллах гэрээ"-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр Номин сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгов.