“Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймагт болсон “Байгууллага дахь бүтээмжийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн мэргэжилтнүүд амжилттай оролцож, тэргүүллээ. Тус үйлдвэрийн Стратеги, хөгжлийн газрын бүтээмжийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг “Үйлдвэрийн газрын ажиллагчдын ажлаас халшрах хам шинж ба бүтээмж”, Засвар механикийн заводын Бүтээмж, инновацын мэргэжилтэн Г.Эрдэнэдаваа “Байгууллагын хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ буюу Засвар механикийн заводын жишээн дээр хийгдсэн судалгаа”-ны ажлаар тус тус оролцож, судалгааны төрлөөр шилдгүүд болжээ.
Орон нутагт сурч, ажиллаж буй залуучуудын судалгааны ажлыг амьдралд хэрэгжүүлж, уламжлал, шинэчлэлийг хослуулсан орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий судалгаа шинжилгээний бүтээлүүдийг шалгаруулахад “Байгууллага дахь бүтээмжийн орчин үеийн чиг хандлага” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилго чиглэгдсэн байна. Тус бага хурлыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Стандарт хэмжилзүйн газар, Монгол Улсын ШУТИС хамтран зохион байгуулжээ. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газар бүтээмжээ дээшлүүлснээр өртөг зардал буурч, үр ашиг нь нэмэгдэж байдаг. Үр дүнд нь байгууллагын өрсөлдөх чадвар, улс орны хөгжилд оруулах хувь нэмэр дээшлэх юм. Бүтээмж бол үйлчлүүлэгчдэд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүн байгалийн харилцан шүтэлцээнд нийцүүлэн шаардлагатай хэрэгцээгээ хангах, чанартай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх замаар хөгжилд хүрэх боломжтойг тус хурлаар судлаач, эрдэмтэд тодорхойлов.