Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.03) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн талаарх танилцуулга, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгатай тус тус танилцсан.
Иймд өнөөдрийн хуралдааныг хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлүүлэв.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж байлаа. Тухайлбал, Төсвийн орлого нэмэгдүүлэх хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 37,754.7 сая төгрөгөөр, газрын төлбөрөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 60,860.0 сая төгрөгөөр”, мөн “Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 2023 оны төсвийн жилд 20 тонн болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 29,100.0 сая төгрөгөөр” тус тус нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн 2023 оны төсвийн санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хооронд зохицуулалт хийх хүрээнд “Төслийн 2 дугаар хавсралтын XX.3.1.Нийтийн тээврийн автобус гэсэн төсөл, арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 22,000.0 сая төгрөгөөр бууруулж, хэрэгжих хугацааг 2023-2024 он болгон өөрчилж, Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд захиргааны зарим байгууллагын нэгдсэн цогцолбор барилгын дуусгал төсөвт өртөг 45,000.0 сая төгрөг, 2023 онд санхүүжих дүн 22,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг төсөлд нэмэх” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын урсгал зардал болох бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг 1,500.0 сая төгрөгөөр бууруулж, Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас нэмэгдүүлэх борооны пуужин 2500 ширхэг авахад 1.500.0 сая төгрөгийг мөн сайдын багцын урсгал зардалд нэмэх”, “ Соёлын сайдын урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр бууруулж, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны зардалд 100.0 сая төгрөгийг шилжүүлэх” зэрэг Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс