Тээвэр ложистикийн төвийн Нефть баазын хэсгийн хамт олон санаачлан үйлдвэрийн дүүрэгт автобусны жишиг буудал барьжээ. Тэмдэг тэмдэглэгээнээс өөр зүйлгүй байсан энэ газарт бороо, шорооноос халхлах, дулаан тохитой, өнгө үзэмжтэй, загварлаг “хөөрхөн” буудал бий болжээ. Усны хаялга бүхий энэхүү Автобусны буудал нь 3,8 метр урт, 2,2 метр өргөнтэй хагас дугуй хэлбэртэй юм. Цехээс нь тэднийг дэмжиж, дээврийн материал гаргаж өгсөн бөгөөд бусад материалд тэд нөөц бололцоогоо дайчлан, хаягдал ашигласан аж. Хоёр хажуугийн гоёмсог ханыг л гэхэд хаягдал төмрийн цэгээс “босгожээ”. Баяжуулах үйлдвэрт ашигладаг конвейерийн ремений дамрын хаягдал гуя төмөр бүтээлч ажилтнуудын ур ухаанаар дизайнтай хана болон хувирчээ. Нефть бааз хэсгийн дарга Б.Баасандалай, цаашдаа энэ буудалд зардал багатай, байгальд ээлтэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж байгаагаа ярьсан юм. Энэ буудлаас тус хэсгийн ажилчдаас гадна Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах, Шүүн хатаах, Дулаан агааржуулалтын хэсэг, Дотоод тээврийн албаныхан автобусандаа суудаг. Зарим цехүүд эднийхээс санаа авч, Автобусны буудал хийхээр зэхэж байна.
НЕФТЬ БААЗЫНХАН АВТОБУСНЫ ЖИШИГ БУУДАЛ БАРЬЖЭЭ
2022/10/26- 0
- 311