Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтойг Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ)-аас мэдээлжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ийнхүү нэг удаа сунгадаг аж. 

Сунгуулах хүсэлтийг ГИХГ-т биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой юм байна. 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • 1 хувь цээж зураг
  • Маягт бөглөх
  • Паспорт эх хувиар
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • Паспортын нүүрэн хэсэг
  • Монгол Улсын визтэй хуудас 
  • Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

Тэмдэгтийн хураамжийн тухайд сунгуулах хоногоос хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, 1-7 хоногоор сунгах бол 40,000 төгрөг, 30 хоногоор бол 168,800 төгрөг байна.