Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 726 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөн 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 713 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Ховд аймгийн Жаргалант сумын III сургуулийн удирдах албан тушаалтан “Г” нь бусдаас хахууль авсан гэх;
- Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны ажилтан “Б” нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авсан гэх;
- Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч “Э” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан гэх;
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал олгосон гэх;
- Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О”, “И” нар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх;
- Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь бүлэглэн бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх.
Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.