УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.05/ хуралдаанаар Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт УИХ энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон УИХ дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар хуульчилсан.

Дээрх хуулийн биелэлтийг хангах зорилгоор УИХ-ын 2020 оны 31 дүгээр тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо”-г байгуулж, бүрэлдэхүүнийг нь шинэчлэн баталсан.

УИХ-ын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлага үүссэн хэмээн Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос УИХ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гээд тогтоолын төслийг уншиж танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн ач холбогдол буурсан, дэлхий дахинд цар тахлын өвчлөл багасч, нөхцөл байдал сайжирч байгаа тул уг хуулийг хүчингүй болгох, цар тахлаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг сэргээх, дэмжлэг үзүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн ач холбогдол багассантай санал нэг байгаагаа илэрхийлээд, хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг хөндөхөөсөө өмнө Түр хороо үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгч, хуулийн хэрэгжилтийн алдаа оноо, зөрчил, амжилттай тал зэргийг дүгнэх нь зүйтэй хэмээсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлагагүй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тогтоолын төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гээд, тухайн хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаа, гарсан алдаа дутагдал, зөрчлийг нэгтгэн дүгнэсний дараа Түр хорооны үйл ажиллагааг дуусгах, Засгийн газраас уг хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслөө Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн дээрх хууль нь цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэн бөгөөд цаашид онцгой, гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх Онцгой байдлын үед авах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барих талаар Засгийн газарт чиглэл өгөх, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх нөөцийн бэлэн байдлыг хангах, бүрдүүлэх, шаардлагатай үед тухайн нөөцөөрөө хүнд үеийг даван туулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.  

Эцэст нь санал хураалт явуулахад “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.