Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл болсон “Бурамхан” хатуу чихэр үйлдвэрлэгч “Цайдам трейд” компанид УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИх-ын гишүүдийн төлөөлөл зочиллоо.
“Цайдам трейд” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж олон улсын чанар стандартад нийцсэн чихэр үйлдвэрлэхээр технологио улам баяжуулж, сайжруулсаар “Бурамхан” брэндийг бий болгоод байгаа билээ. Энэ хугацаанд тасралтгүй өсөн хөгжиж гараар болон үйлдвэрийн аргаар чихэр үйлдвэрлэж, улмаар манай дүүргийн шилдэг татвар төлөгчдийн нэг болсон. Та бүхэн “Бурамхан” брэндийг “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож хөрөнгө оруулалт авч, амжилттай төслөө хэрэгжүүлж буй гэдгээр нь мэдэх биз ээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус үйлдвэр зочлох үеэрээ “Халамжаас хөдөлмөрт шилжих зорилтын хүрээнд Монгол Улс үйлдвэрлэгч болоход инновацилаг жижиг дунд үйлдвэрлэлүүд олноор бий болох шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэл бол хөдөлмөр эрхлэх сонирхлын хамгийн том илэрхийлэл бас хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч юм” хэмээн хэлэв.
Монгол Улсад чихрийн хэрэглээ жилд ойролцоогоор 20 тэрбум төгрөг байдаг. Тэдний 91 хувь буюу 18 тэрбум төгрөг бүхий чихрийг импортоор оруулж байна. Чихрийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий талаар “Бурамхан” брэндийн захирал А.Солонго онцолж, цаашлаад дэлхийн зах зээлд экспортлогч болох зорилт тавин ажиллаж байгаа талаараа ярилаа.
Чихэр шүдний дайсан байсан цаг ард үлдэж “Бурамхан” брэнд нь дархлаа дамжих, уушги цэвэрлэх, өсөлт дэмжих үйлчилгээтэй чихэр үйлдвэрлэж байгаа юм байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.