“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос ХАБЭА-н хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийх хүсэлт гаргасны дагуу хоёр тал ажилчдын хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.

Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор сүүлийн жилүүдэд худалдан авалт, тендертэй холбоотой асуудал үүсэх болсон. Үүний нэгэн тод жишээ нь “Нэн түрүүнд ХАБ” уриатай Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хөдөлмөр хамгааллын гутал, хувцас, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүнтасалдаж байгаад гомдол гаргах болсон. Тендерт оролцсон компаниуд гомдол гаргах, өөр хоорондоо шүүхдэлцэх, дахин тендер зарлах, мөн шалгарсан компаниудын бичиг баримтын бүрдэл дутуугаас гэрээлэлт хойшлох, цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй хил гаалийн хориг саад зэргээс шалтгаалан хөдөлмөр хамгааллын гутал, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл хугацаандаа нийлүүлэгдэхгүй, жил дамжсан хүлээлт үүсгээд байгаа нь асуудал дагуулж байгааг мэргэжилтнүүд хэллээ. ХАБЭА-н хэлтсээс худалдан авалтын үйл ажиллагаа тусдаа явагддаг бөгөөд захиалгад хяналт тавьж оролцдогоо энэ үеэр тайлбарласан. Тус хэлтсийнхэн Хөрөнгө оруулалтын бодлогын газрын удирдлагатай уулзаж, ХАБЭА-тай холбоотой худалдан авалтын үнэлгээний хороонд ХАБ-ын мэргэжилтэн оруулах, багц гаргахдаа зөвшилцдөг байх зэрэг санал тавьсан нь нааштай шийдэгджээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар хөдөлмөр хамгааллын гутлаа үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээс худалдан авах хуультай. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэдэг хоёрхон компани бий. Иймээс ханган нийлүүлэлт, чанарт асуудал үүсдэг. Өнөөдрийн байдлаар 1372 гутал нийлүүлэгдсэнийг Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цехийн ажилчдад олгохоор болжээ. Удахгүй ирэх 500 гутлын олголтыг ч иймэрхүү байдлаар зохион байгуулах юм байна. Цаашид хугацаандаа нийлүүлэлт хийгээгүй компанитай гэрээгээ цуцалж, бэлэн байгаа газраас шууд худалдан авалт хийх, ТӨҮГ, эсвэл уур уурхайн компаниуд тусдаа цахим дэлгүүртэй болох зэрэг гарц шийдэл олох нь зүйтэйг энэ үеэр талууд онцолсон. 

Одоо 2021 оны нийлүүлэлт хийгдэж байна. 2022 оны тендерийг дөрвөн багцаар зарлаад нийлүүлэгч компаниуд тодорсон. Хоёр оны нийлүүлэлт зэрэг хийгдэх учраас оны сүүлээр хөдөлмөр хамгааллын гутал, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдэнэ гэдэгт ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд итгэлтэй байна.