"Парис-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал:
- 73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, "Наранмандал" компанийн тамирчин олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байв.
- Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Таван Хур" компаний тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү Парисын Их дуулга тэмцээний -66 кг жинд түрүүлжээ. Тэрбээр аваргын төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулийг торгуулиар ялснаар Гранд Слам ангиллаас анхны алтан медалиа хүртсэн байна.
- Парис-2022 Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа авлаа.
Манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ баг нэг тавдугаар байр, хоёр долдугаар байр эзэлсэн амжилтаараа 52 улсаас хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.Тэмцээнийг Япон улс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож байгаа аж.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо