Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа танилцууллаа.

Тэрбээр "Ерөнхий сайдад түгжрэлийн асуудлыг танилцуулахаар бэлдсэн. Түгжрэл маш том цогц бөгөөд хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал юм. Түгжрэлтэй ойрын болон дунд, урт хугацааны явцад тэмцэнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт харьцаа гэж үзвэл улс орны макро эдийн засгийн бодлогод бүх салбар татагдан орно. 

Улаанбаатар хотын түгжрэл дөрвөн чиглэлд задарна.

  1. Хот төлөвлөлт
  2. Авто замын сүлжээ
  3. Зорчилт хөдөлгөөн
  4. Нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд байна.

Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг энэ оноос бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа ч дараа жил үргэлжилнэ. Энэ мөнгө хаашаа орчихсон бэ  гээд буй. Зарим нь сургууль, цэцэрлэг рүү орсон. Тухайлбал холбогдох сайд, дарга нар хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгосон. Үүний үр дүнд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү машинаар хүргэдэг тоо буурсан байна.

Хүн 14 хоногт өөрийнхөө орон зайг 40-өөс илүү хувийг төрд мэдүүлэх ёсгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 14 хоногийн гурав, дөрөв хоногт төр зохицуулалт хийх эрхтэй байх ёстой болохоос дийлэнхэд нь төр оролцож болохгүй гэсэн хүний эрхийн зарчмыг баримталж байгаа.

Маргааш Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах Үндэсний хороогоо шинэчлэн байгуулна, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад гарч ирээд нийтэд мэдээлнэ.

Хамгийн гол нь түгжрэлийг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг чухал. Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой. Үүнийг дэмжээрэй гэж хэлмээр байна. Орчин үеийн хотууд асуудлыг ингэж шийдэж байгаа" хэмээн ярилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын удирдлагууд болон дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нар нийт 2165 төрийн албан хаагч оролцов. Энэ үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийлсэн юм.