Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад 2022 оны есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. 

Өнөөдөр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилжээ.

Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэлээ.