Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан тус үйлдвэрт  “100 бүтээлч ажил” аян өрнөж байна.  Аж ахуй, үйлчилгээний цехийн санаачилгаар эхлүүлсэн тус аяны хүрээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны чиглэлийн 100 бүтээлч санал, төсөл төлөвлөгджээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл, бүтцийн нэгжийн гарцын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бүтээлч ажил, үйл ажиллагаанд сайжруулалт, үр өгөөж бий болгохуйц шинэлэг шийдэл бүхий бүтээл, гадаад орчин, өнгө үзэмж сайжруулах шийдэл зэрэг олон ажлууд аяны хугацаанд хийгдэж байна. 

Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд 74.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 19 ажил бүрэн хэрэгжжээ. Баяжуулах үйлдвэрийн Б.Буяннэмэх ахлагчтай баг цехийнхээ Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвд "Үндэсний өв соёлын танхим" байгуулснаар  ажилтнууд болон тэдний  гэр бүл, хүүхэд залууст үндэсний зан заншлыг таниулж, өвлүүлэх орчин бүрдүүлэв. Үйлдвэрлэлийн гарц, чанар, тоо хэмжээг нэмж, өсгөх чиглэлээр Засвар механикийн заводын  Б. Наранбаатар ахлагчтай баг “Ил уурхайн ЭКГ-12 шанага үйлдвэрлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ”100 бүтээлч ажил” аян ирэх 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цаашид энэ эрчээрээ ажиллаж, төлөвлөсөн бүтээлч ажлуудаа чанартай гүйцэтгэж, дуусгахад анхаарч байгаа гэж аяны Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Л.Уранцэцэг онцоллоо.