Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, хичээлийн шинэ жилийн баярын өдөр. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Орос 12-р цэцэрлэг 2022-2023 оны хичээлийн шинэ жил, эрдмийн  баяраа тэмдэглэв. Энэ өглөө ээж, аавдаа хөтлүүлсэн бяцхан үрсийн цовоо дуу, мөнгөн хонхны жингэнэх аялгуу, багачуудаа хүлээн догдлох багш ажилчдын баясгалантай төрх цэцэрлэгийн орчныг чимж байв. Цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан Орос цэцэрлэгийн үйл ажиллагаа ийнхүү эхлэв. Энэ хичээлийн жилд 11 бүлэгт 3-6 насны  280 орчим хүүхэд хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ивченкова Елена Владимировна  хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ: Манай  цэцэрлэг  туршлагатай, чадварлаг орос, монгол мэргэжилтэн багш, ажилчидтай. Бид сургалтын цогц хөтөлбөр боловсруулан, хүүхдүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ,  орос хэл, соёлыг  эзэмшүүлэх, харилцааны ур чадварт суралцуулах зорилготой ажиллана  гэж онцлов. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ахлах бүлгийн хүүхэд багачууд  дуулж,  бүжиглэж  мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү ёслолын  үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 159 дүгээр зарлигийн дагуу “Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах” үйл ажиллагаа мөн  боллоо. Орос 12-р цэцэрлэг  44 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, Эрдэнэт хотын иргэдийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдийг сургаж,  хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж  явна.