Токүшүкай группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ

Япон улсын хувийн эмнэлгүүдийн хамгийн том групп Монголд зүрх судасны төв байгуулахаар болсон байна. Энэ талаар Токүшүкай группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ өнөөдөр мэдээлэл өгч, одоогийн байдлаар СХД-ийн нэгдсэн эмнэлэг, 1 болон 3-р эмнэлэг, Япон-Монголын сургалтын эмнэлгүүдтэй танилцаад байгаа талаараа ярилаа.

Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ "Миний бие Япон улсад хамгийн томдоо ордог хувийн эмнэлгүүдийн Токүшүкай группийн захирал. Бид Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголд ирлээ. Өнөөдрийн байдлаар манай багийнхан дөрвөн эмнэлэгтэй танилцаад байна. Энэ эмнэлгүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр болсон. Одоогоор эмнэлгээ сонгоогүй байгаа ч Зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтоод байна" гэлээ.

Би Япон улсдаа зүрх судасны хагалгаа хамгийн их хийсэн эмч нарын нэг. Ийм учраас зүрх судасны салбар миний хувьд ойр байгаа юм. Манай группийн эмнэлгүүд зүрх судасны мэс засал болон дотрын эмчилгээгээрээ алдартай.

Түүнчлэн "Манай Токүшүкай группийн үүсгэн байгуулагч Токүда Торао маань хамгийн сүүлийн үеийн эмнэл зүйн аргачлалыг дэлхийд түгээх зорилготойгоор группийг байгуулсан. Тэр хүсэл зорилгыг нь би уламжлан аваад хэрэгжүүлж байна. Зөвхөн хүний нөөцийг хөгжүүлээд зогсолгүй тоног төхөөрөмж, барилга байгууламж байгуулахад хувь нэмрээ оруулах бодолтой байна. Энэ нь бидний алсын хараатай нийцэж байгаа юм." гэлээ.

Яагаад заавал зүрх судасны төв байгуулахаар болсон талаар түүнээс асуухад "Би өөрөө Япон улсдаа зүрх судасны хагалгаа хамгийн их хийсэн эмч нарын нэг. Ийм учраас зүрх судасны салбар миний хувьд ойр байгаа юм. Манай группийн эмнэлгүүд зүрх судасны мэс засал болон дотрын эмчилгээгээрээ алдартай. Мөн катетр болон дурангийн хагалгаагаараа тэргүүлдэг" гэв. 

Түүнчлэн тус группийн өмнөх Ерөнхийлөгч 2002 онд тухайн үеийн Монгол Улсын Еөрнхийлөгчтэй эмнэлгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Түүний хүрээнд 1-р эмнэлэгт 10 ширхэг гемодиализийн аппарат бэлэглэсэн гэлээ.

Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Б.Баярсайхан:

"Энэ жил Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Ойн хүрээнд олон ажил хийж байгаагийн нэг нь Ерөнхий сайдын урилгаар Японы хамгийн том эмнэлгийн группийн захирал ирлээ. 71 эмнэлэг,  430 гаруй клиниктэй энэ групп Монголд олон тоног төхөөрөмж хандивлаж ирсэн. Энэ жил 50-60 сая долларын хөрөнгө оруулалтаар Зүрх судасны төв байгуулж өгөхөөр судалгааны ажлаа дуусгаад, яриа хэлэлцээр хийлээ.

Засгийн газраас зөвхөн төв байгуулаад зогсохгүй хүний нөөцөөр хангах, эмч, сувилагч нараа сургах, япон эмч нарыг Монголд харилцан солилцоотой ажиллуулах зэрэг асуудлыг ярилцлаа.

Өчигдөр бид СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Улсын 3-р эмнэлэг, 1-р эмнэлэг, Япон-Монголын сургалтын эмнэлэг үзсэн. Манай улсын зүрх судасны гол төв нь 3-р эмнэлэгт  байдаг. Тэнд бэлэн ТЭЗҮ хийсэн төсөл байгаа юм билээ. Бусад эмнэлэгүүдэд  ч эмчилгээний тал дээр хамтарч ажиллах,  харилцаа холбоо тогтоохоор ярилцсан" гэв.