Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.08.22) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.

Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй.

Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод жишээ бол миний бие өнгөрсөн 9 дүгээр сард Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.

Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмэрт бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.

Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв. 

Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.