Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа.
Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Архангай аймагт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өвчин харьцангуй хумигдсан ч буцаад дэгдэх магадлалтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
Мөн тэрбээр энэ өвөл баруун таван аймагт өвөлжилт хүндрэх, зудын эрсдэлтэй байгааг хэлэв. Гантай байгаа аймгуудын малчид шилжилт хөдөлгөөн хийнэ. Үүнд онцгой анхаарахгүй бол 2020 онд зудаас үүдсэн шилжилт хөдөлгөөнд зохион байгуулалтын алдаа гаргасан. Улмаар малын гоц халдварт өвчин тархсан. Тиймээс малын шилжилт хөдөлгөөний хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Энэ нь Монгол Улсын мал махны экспортод чухал нөлөөтэй гэж ярилаа.
Улсын Онцгой комиссоос гангын эрсдэлийн үнэлгээг хийжээ. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нийт 11 аймагт гангын эрсдэлийн үнэлгээг хийлээ. Эрсдэлийн дүнгээс харахад Ховд аймаг маш их эрсдэлтэй. Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Завхан их эрсдэлтэй. Архангай, Говь-Алтай, Увс аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан" гэж танилцууллаа.
Хуралдаан үргэлжилж байна.