Сувилагч Б.Алтантуяа Дорнодоос нийслэл хүртэл хэт холын зайн гүйлт хийж, бариандаа орлоо

Дорнод аймгийн бүийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж, өчигдөр бариандаа оржээ.

Сувилагч Б.Алтантуяа Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийн замд гарснаас хойш 23 хоногт 720 км зам туулж, 2022 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын  талбайд бариандаа орж ирэв.

Тэрбээр иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдрыг хамтдаа даван туулахыг уриалж, Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан үлгэрлэлээ хэмээн салбарынхан нь үнэлжээ.



ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд сувилагч Б.Алтантуяад Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархлыг гардууллаа.

Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд угтан авч хүндэтгэл үзүүлэв хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.