Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан.
Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр доллоо хоног бүр ”Таван толгой түлш”ХХК-ийн Баруун, Зүүн үйлдвэрт ажиллаж байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллав. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн нөөц бүрдүүлжээ.
Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.
Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж, мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.
Ирэх есдүгээр сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ