Ирэх 10 дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд Герман улсад зохиогдох ажил мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах “Ур чадвар”-ын тэмцээнд манай улсаас Дорнод аймгийн Политехникийн сургуулийн төгсөгч Г.Очбаатар оролцоно. Тэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дунд болдог “Монгол ур чадвар” ажил мэргэжлийн Улсын уралдаанд аваргаар тодорсноор олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Г.Очбаатар токарьчин төрлөөр тэмцээнд оролцож ур чадвараа сорих бөгөөд тэмцээний бэлтгэлээ Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехийн “CNC” төвд мэргэжлийн машин техник, төхөөрөмж дээр хийж байна. Түүний бэлтгэгч багшаар ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрийн салбарын эрхлэгч Г.Оюунбат ажиллаж, Засвар механикийн заводын туршлагатай токарьчид мэргэжлийн нарийн зөвлөгөө өгч буй аж.
Жил бүр зохиогддог ажил мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 100 гаруй орны төлөөлөл 61 мэргэжлийн төрлөөр авьяас самбаа, ур чадвараа сорьдог, олон улсад нэр хүндтэй өндөр зэрэглэлийн уралдаан юм. Энэ жил тус уралдаанд манай улсаас 8 мэргэжлээр тамирчид оролцох ажээ.