Ховд аймгийн Дарви суманд өнгөрсөн шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Тодруулбал, Ховд аймгийн Дарви сумын Нарны нуруу гэдэг газар наймдугаар сарын 8-ны 02:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай хэлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга. 
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.