Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.
Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал ирүүлжээ.
Уг захидалд:
Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлохоо цохон тэмдэглэв.
Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дээр дурдсан агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ЕТГ