Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдсэн юм.

Харин "Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт"-д эм бичих эмчийн ангиллыг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон юм.

Тогтоолд:

  1. А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
  2. С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд,
  3. D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагджээ.

Уг заалтыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх гэж байгааг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдэгдлээ.