Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүллээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 26 байранд энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. Уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй Т болон 49 настай, эрэгтэй Э нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байранд нэгдүгээр сарын 23-ны өдөр 16 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, иргэн 33 настай, эрэгтэй Ж-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.
Эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд юм.
Иймд иргэд, олон нийт орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв