Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээжээ.
Ингэснээр Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн байна.
Харин Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдсэн байна.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байгаа юм.
Эх сурвалж: ГХЯ