Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаан үзүүлж “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цол хүртсэн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь бэлтгэл сургуулилтаа анх 2015 оноос эхлүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлаган дор базаан, дөрвөн жилийн өмнө сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болж байсан.

Тэрбээр 2018 онд сумын заан цолтойдоо аймгийнхаа наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

2019 онд аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглохдоо дахин түрүүлж, аймгийн хурц арслан болж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулж хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон түүхтэй.