Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Алтанхуягийг “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хянан хэлэлцээд прокурорын саналд дурдагдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзжээ.
Харин Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.