Эрийн гурван наадам дөхөж буй энэ цаг дор Хангарди спорт клубийн үндэсний сур харваачдын бэлтгэл хэрхэн хангагдаж буйг сурвалжлахаар Булган аймгийн Хангал сумын нутаг Цувраан ам хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгийг зорив. Энэхүү аманд Хангарди клубийн сэргэлт бэлтгэлийн төв буй. Тэнд Монгол Улсын Даяар дуурсагдах мэргэн, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээр ахлуулсан сурчид зуны дунд сарын аагим халууныг үл анзааран бэлтгэлээ базааж байв.
Бид эхлээд дасгалжуулагч багш Ш.Даваахүүтэй уулзаж, цөөн зүйлийг тодруулан ярилцлаа.
-Хангарди клубийн Үндэсний сур харваачдын Төрийн их баяр наадмын бэлтгэл хэр байна вэ? Та бүхэн жил бүрийн наадмаар өндөр амжилт гаргадаг уламжлалаа батлах байх?
-“Эрдэнэт” үйлдвэрийн Хангарди клубийн харваачид Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын бэлтгэлд 6-р сарын 28-нд гарлаа. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй оройтлоо. Наадмын бэлтгэлд гарах тухай шийдвэр хожуухан гарсан нь Төрийн хэмнэлтийн хуультай холбоотой байв. Бэлтгэлийн хугацаа тамирчдын амжилтад нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ бид бүхий л боломжоо дайчлан бэлтгэлээ хийж, өмнөх амжилтуудаа бататгаж, уламжлалыг хадгалж үлдэхээр зорьж байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд аймаг орон нутаг, төрийн их баяр наадамд өндөр амжилт үзүүлэх хэмжээний зэрэг цол, ур чадвартай 40 гаруй харваач бий. Эдгээрээс 16 харваач л цехийн удирдлагуудын зөвшөөрлөөр бэлтгэлд гарч, Улсын их баяр наадам болон аймгийн наадмын бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Улсын их баяр наадамд манайхаас хэдэн харваач оролцох вэ?
-Үндэсний сур харваа сүүлийн жилүүдэд их хурдтай хөгжиж байна. Үүний гол үзүүлэлт харваачдын тоо нэмэгдэж байгаа. Улсын чанартай, томоохон уралдаан тэмцээн болоход 1000 түүнээс дээш харваач оролцдог болж. Хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1400 гаруй харваач цугласан байх жишээтэй. Аливаа юм хоёр талтай. Улсын их баяр наадам, бусад тэмцээнд 1000 харваач харвадаг байгаасай гэж би хүсэж мөрөөддөг байлаа. Хүсэл маань биелсэн ч зохион байгуулалтын хувьд хүндрэл үүссэн. Төрийн их баяр наадмын харваанд есөөс илүү зурхай засах боломжгүй. Үүн дээр 1000 харваач багталцахгүй. Багталцаад харвалаа гэхэд дор хаяж л 6-7 өдөр үргэлжлэх шаардлага гарч байгаа юм. Тийм учраас яалт ч үгүй цензур тогтоож, наадамд оролцох харваачдын тоог зарладаг. Нээлттэй харваа, Улсын аварга шалгаруулах тэмцээний чансаагаар шалгаруулдаг. Энэ жил Төрийн их баяр наадамд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач цэц мэргэнээ сорино. Манай ихэнх харваачид ээлжийн амралтаа, зарим нь чөлөө авч, Чансаа тогтоох тэмцээнүүдэд хувийн зардлаараа явж оролцлоо. Хангарди клубээс Төрийн их баяр наадамд 20 гаруй өндөр зэрэг цолтой харваач оролцоно.
-Та дасгалжуулагчийн хувьд шавь нараасаа хэнийг энэ жил өндөр амжилт гаргана гэж хүлээж байна вэ?
-Том зорилготой байж, өндөр амжилт гаргадаг. Шавь нараа сайн харвах болов уу гэж горьдож байгаа. Ер нь л тэмцээн уралдаанд манайхан бүгд л “магнай”-д харваж байна. Төрийн их баяр наадам гэдэг бол бас арай өөр л дөө. Наадмын босго, наадмын түрүү гэдэг бол бараг цаанаас нь зурсан байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Бэлтгэл сайн байхаас гадна тухайн өдрийн аз, од, хийморь гийсэн аавын хүү л түрүүлдэг л дээ. Иймээс бүх л талаас нь шавь нар, харваачдаа бэлдэж байна даа.
Монгол Улсын даян мэргэн, Ус хангамжийн цехийн ажилтан Д.Дэмбэрэлсайхан энэ жилийн наадмын өнгө, бэлтгэлийнхээ талаар, “Түүхэн тэгш ой тохиож буй энэ жилийн наадам сайхан болно гэж найдаж, сэтгэл хангалуун байна. Бидний хувьд давчуу хугацаанд л бэлтгэл хийх нь ээ. Өөрсдийн боломжоороо ажлын дараа, амралтын өдрүүдэд бэлтгэлээ хийж ирсэн. Тэгш ой тохиож буй төрийн их баяр наадмаар өмнөх амжилтаа ахиулах зорилготой байна. Хангарди спорт клубийн баг эрэгтэй багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн. 2015 оноос эхэлсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубийн харваачид завсаргүй тав түрүүлсэн. Өрсөлдөгч багууд ч сайн байлаа. Миний хувьд Говь-Алтай аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадсангүй. Наадмын өмнөх хамгийн том сорилгод өөрийнхөө боломж, чадал, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг үзье гэсэн ч чөлөө зөвшөөрөл оройтож гараад явж амжсангүй” гэж ярив.
Үндэсний сурын спортын мастер, Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын туслах машинч У.Энх-Амартай уулзаж, сэтгэгдлийг сонсоход,
“Би 2019 оноос Монгол Улсын гарамгай харваач Э.Ганчулуун багшийгаа даган Үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. 2020 оны Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 36 оноогоор 2-р байрт шалгаран, спортын мастер цолтой болсон. 2020 оны Аймгийн баяр наадмаар Аймгийн гоц харваач цолтой болсон. Энэ жил наадмаа хүлээгээд л бэлтгэлээ хийж байна. Уг нь том мэргэн багш маань 6-р сарын 10-наас бэлтгэлд гарах тухай дуулгаж байсан. Бид их баярлаж, бэлтгэлээ маш сайн базаана гэж байсан ч ямар шалтгаанаас ч юм 6-р сарын 28-наас бэлтгэлд гарлаа. Наадам урианхай сураар эхэлдэг. Урианхай харваа 7-р сарын 6-наас эхэлнэ. Би түүнд оролцоно. Бэлтгэлийн хугацаа давчуу ч багш нарынхаа итгэл найдварыг дааж, сайн харваж, цол зэргээ ахиулна гэсэн зорилготой байна. Хангарди спорт клуб бол Монгол Улсын шигшмэл, шилдэг, бахархал болсон харваачдаас бүрдсэн гайхалтай хамт олон. Монгол Улсын Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү багшийн маань 40 сумнаас 40 оносон амжилтыг өнөөдөр хэн ч давтаагүй байна. Түүнчлэн Улсын дархан мэргэн, Даян мэргэн гээд алдартай харваачидтай хамт бэлтгэлд гарна гэдэг тэр болгон хүнд заяагаад байдаггүй том боломж, завшаан. Энэ сайхан мэргэчүүдээс Үндэсний сурын ёс заншил, дэг жаяг, харвааны техникийг суралцаж байгаа залуу харваач бид азтай. Үндэсний сурын спортоор Монголдоо хамгийн шилдэг манай клубээс Төрийн их баяр наадмын түрүү харваач дахин төрөөсэй гэж хүсэж байна” гэв.
Түүхт ойн баяр наадамд өмнө тогтоосон өндөр амжилтуудаа бататгахаар зорьж буй Хангарди клубийн Үндэсний сурын харваачдын маань нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц байг ээ.