Өчигдөр буюу долоодугаар сарын 04-ний 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Буйр нуурт хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгчээ.

Уг дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын 5 хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж өнөөдөр өглөө 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо 4 километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.