Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
 
Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа.
Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа.
МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эдийн засаг, санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангуулан ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.     
 Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр боллоо.