УИХ-аар Төрийн хэмнэлтийн тухай хууль хэлэлцэн, баталсантай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Үр ашигтай хөрөнгө оруулалт – Хэмнэлтийн бодлого” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулан, 576.6 мянган тонн зэсийн баяжмал, 6.3 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь 43 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон. Коронавирусний цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг давахаар Эрдэнэтийн уурхайчид улсын хэмжээнд 900 гаруй мянган өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн төлбөрт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийж, улс орныхоо өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээлээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 2021 онд 1,186.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн болсон” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Цар тахлыг давахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэтийн уурхайчдадаа баярлалаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэл, хөгжлийн бодлого нь Монгол Улсын цаашдын хөгжлийг хурдасгах гол үүрэгтэй” гэсэн юм.