Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул болон газар, хэлтсийн захирлууд Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нартай уулзлаа.
Тус уулзалтаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдал, түүний дотор төрийн өмчит компаниудын зээлтэй холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүлэв.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банк нийт 3,1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна.
“Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо гэдгийг онцлоод Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр барагдуулалт өчигдрийн байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна.
Өнөөдөр нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлж байгаа гэв. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эргэн төлөлт эрчимжиж байгааг тодотголоо.
Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн. Харин төрийн өмчит компаниудад хамаарах өрийг барагдуулах Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц үргэлжилж байна.