Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрийн Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өглөө:

-Бид энэ онд 5 зорилт, 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн дийлэнх нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх зорилготой. Томоохон төслийн барилга угсралтууд эхэлсэн. Долоон аймагт дулааны станцын ажил эхэллээ. Баруун бүсэд буюу Ховд аймагт сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ. Маргааш Амгалан ДС-ын өргөтгөлийн ажил эхэлнэ.

Батарейн цэнэг хураагууртай болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан. ТТ ЦС-ын тендерийг хоёр дахь удаазарласан. Тендер нээн, үнэлгээний ажил эхэлнэ.

Бөөрөлжүүтийн ДС-ыг хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулна. Энэ онд багтаад 300 мегаваттын  хүчин чадал бүхий станцын барилгын ажил эхэлнэ.

Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын  нөлөөлөлд орох орон нутгийн  айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 1200 иргэнд нөхөн олговор олгоно. Хуульд зааснаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Ингээд нэг иргэнд 15 сая төгрөг олгох саналыг ЭХЯ гаргасан. Нийт 18 тэрбум төгрөг зарцуулна. Энэ төслийг БНХАУ-аас зээл авч хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээг тус улсын өндөр албан тушаалтнууд батлах шаардлагатай.

Багануурын уурхай “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг. Гүйцэтгэх захирлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул түр орлон гүйцэтгэгч захирал томилон ажиллуулж байна.   

IV ДЦС-ын хүчин чадлыг мөн нэмнэ. Ер нь цаашдаа цахилгаан дулааны үнийг өртөгт нийцүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд манай салбарын төслүүд гаднаас зээл авах бүрэн боломж бий. Цахилгаан дулааны эрэлт жилээс жилд өссөөр байна гэв.