Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам хаяанд ирж, бөхчүүдийн допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй өдийг хүрлээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг тус хуулийн төслийг энэ сарын 20-ноос өмнө батлахаар зэхэж буй.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах онцлох заалтуудыг өргөн бариад байна.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орсон байна.
Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр хууль хоорондын болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон төдийгүй шинээр нэр томьёог тодорхойлох, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай болсон байна.
ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ОРОХООС ТАТГАЛЗСАН, ЗАЙЛСХИЙСЭН БОЛ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭНД ТООЦНО
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна.
Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгад
- Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
- Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.
- Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
- Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана;
- Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
"ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД МОНГОЛ ҮҮЛДРИЙН АДУУНЫ СТАНДАРТАД НИЙЦСЭН МОРИЙГ УРАЛДУУЛНА"
Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө мэдээллийн санд орсон Монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын уралдаанд оролцуулна гэж заажээ.
Тодруулбал хуулийн төсөлд Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэсэн байна. Монгол морь дараах гурван стандарттай. Үүнд:
- Үүлдэрлэг байдал
- Сэрвээний өндөр
- Өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт.
Тухайлбал сэрвээний өндөрийн хувьд хамгийн сүүлд даага 127 см-ээс илүүгүй, Их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байх гэж заасан.
Мөн шинэчилсэн найруулгад орсон өөр нэг том өөрчлөлт нь уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн. Ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгажээ.
НЭГ АЙМГИЙН ЗЭРГЭЛДЭЭ СУМЫН БАЯР НААДМЫГ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулна. Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав.
Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг тусгасан байна.