Эрдэнэт үйлдвэр 1978 оноос металл бэлтгэх, боловсруулах, зүсэх, хийн гагнуурт ацетилены хийг ашиглаж ирсэн. Техникийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн ацетилены станцын үндсэн болон нөөцгүй тоног төхөөрөмж болох хийн генераторыг сольж, өнгөрсөн долоо хоногт туршилтын залгалт хийлээ. Энэ долоо хоногт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил үргэлжилнэ гэж Хийн хангамжийн хэсгийн дарга Л.Цогтбаяр мэдээлсэн юм. 

Тус хэсэг нь жилд 40 мянган м3 ацетилен үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийн 20 цех, нэгж барилгын ажил, хийн гагнуур, металл бэлтгэх, ган боловсруулах, төмөр зүсэх ажилдаа авч ашигладаг бөгөөд үүний 50 хувийг Засвар механикийн завод хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ацетилены хийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох карбид кальцийн үнэ нэмэгдэж, олдоц ховордож байгаатай холбогдуулан пропаны хийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар яригддаг. Гэсэн ч дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа хамгийн өндөр хүчин чадалтай буюу 3300-3400 градус дулаан үүсгэдэг ацетилены хийн хэрэглээ Эрдэнэт үйлдвэрт байсаар байна. Ацетилены станцын үндсэн тоног төхөөрөмж ийнхүү шинэчлэгдсэнээр цагт 40 м3 ацетилен үйлдвэрлэж, 2045 он хүртэл найдвартай ажиллан, Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдлээ.