Засвар угсралтын цехийн дарга, “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүн Х.Баяраагаар ахлуулсан тус цехийн уулчдын баг Сутай хайрханд амжилттай авираад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, спортын мастер К.Нурбахыт, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цогтбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын уулчид багтжээ. Тэд далайн түвшнээс дээш 4150м буюу оргилд нь амжилттай гарсан байна. Тус цехэд уулын спортын тамирчин, сонирхогч олон бөгөөд тэд жил бүр өндөр оргилд гардаг уламжлалтай.
Сутай уул нь Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт оршдог. Сутай хайрхан нь Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талынх бөгөөд Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон гэж эртний домогт өгүүлдэг юм байна.