“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх бүтэн өнчин хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн багачуудаа өнөөдөр баярлуулж, бэлэг гардууллаа. Тэрээр “Их ажилтай байдаг ч та нартаа цаг зав гаргахдаа үргэлж баяртай байдаг. Дуулан бүжиглэж, баяр жаргалтай байгаа хүүхдүүдээсээ их эрч хүч, сайхан энерги авдаг. Та нарын дундаас удахгүй Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан тамирчид, урлагийн “од”-ууд, суут ухаантнууд, эрдэмтэн мэргэд, Эрдэнэт үйлдвэрийг авч явах удирдлагууд төрнө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголынхоо цохилох зүрх, хөдөлгөгч хүч нь болоорой. Ухаантай, чадвартай, сэтгэлтэй, басхүү зоригтой бие хүн болж төлөвшөөрэй” гээд хүүхдийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ хариу сэтгэлийн бэлэг барьсан юм. Тус төвийн Б.Батхүү, З.Бат-Үйлс, Б.Балжинням нар Монголын хөл бөмбөгийн холбооны “Хөвгүүдийн цом-2022” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, 2020, 2022 оны U14, U16 Фут заалны Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, шилжин явах цом, Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртжээ. Харин Б.Анхжин Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас зохион байгуулсан “Үгийн утгыг мэдье”, “Геометр ба асуудал шийдвэрлэх”, “Алдаагүй бичье” аянд 100 хувийн үнэлгээтэй суралцаж, Я.Ганцэцэгийн хамт “Эрдэнэсийн угалз” бүжгийн наадамд багаараа тусгай байр эзэлсэн байна. Мөн 10 дугаар ангийн сурагч О.Болор-Эрдэнэ сэтгэн бодох бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хамт олноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Оюунлаг сурагч” алтан медалийг “Миний бүтээл” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын шагналын хамт хүртсэн юм. Түүнээс гадна Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зарласан “Миний ертөнц” гар зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Б.Өгөөмөр, дэд байрт шалгарсан Б.Мишээл нар шагналаа өнөөдөр гардлаа.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төв 320 гаруй хүүхдийг амьдралын замд үдсэн бөгөөд одоо 2-13 насны 70 орчим хүүхэд нэг гэр бүл болон сурч, хүмүүжиж байна.