100 буудалт даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээний нээлт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр боллоо. Нээлтийн ажиллагаанд Монголын Даамын холбооны ерөнхийлөгч Ц.Эрдэмбилэг, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Даамын холбооны тэргүүн Д.Доржпүрэв, БТСГ-ын дарга Д.Дэлгэрбаяр, “Алтан хүү” клубийн захирал Ц.Алтанхуяг болон даам сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцов.  
Эрдэнэт хотод анх удаа зохиогдож буй тус тэмцээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Ховд зэрэг 14 аймгаас нийт давхардсан тоогоор 194 тамирчин авьяас билгээ сорихоор иржээ. Тэмцээн үндсэн болон элит гэсэн хоёр төрлөөр явагдаж, үндсэн төрөлд 58 эрэгтэй , 45 эмэгтэй,  элит төрөлд эрэгтэй 52, эмэгтэй 39 даамчин тус тус өрсөлдөж байгаа аж. Эрдэнэт хотноо 3 өдөр үргэлжлэх тус тэмцээнийг Орхон аймгийн Даамын холбоо, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор, “Алтан хүү” клуб хамтран зохион байгуулж байна. 
Тэмцээний шүүгчээр Монгол Улсын шүүгч, спортын мастер С.Гэндэнпил, Олон улсын Их мастер Р.Манлай, С.Тэгшжаргал нар ажиллаж байна. Өмнө нь Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Улаанбаатар хотод зохиогдож байсан уг тэмцээн энэ удаа Эрдэнэт хотод болж, төв болон орон нутгийн олон даам сонирхогчид, тамирчид нэг дор цуглаж байгааг Орхон аймгийн Даамын холбооны нарийн бичгийн дарга Б.Сайнжаргал нээлтийн үеэр  онцлов. 100 буудалт даам сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний аваргууд энэ сарын 5-нд тодорно.