ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гран при тэмцээн нэгдүгээр сарын 27-30-нд Красноярск хотод болж буй.
Тус тэмцээнд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд алтан медаль хүртэж тус тэмцээний хошой аварга болов.

Тэрбээр Красноярскийн дэвжээнд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси Килтиг 11:0 оноогоор цэвэр яллаа.
Мөн тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай эмэгтэй тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэмж хүртлээ.
Тодруулбал,
- Олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа алт,
- 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө,
- Өнгөрсөн жилийн энэхүү тэмцээний хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн эзэн боллоо.
- Түүнчлэн 2020 оны тус тэмцээний аварга “Аврагч” спорт хороо, Орхон аймаг, "Сокол" компанийн тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 57 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медаль хүртэв.
- Ингэснээр Красноярскийн дэвжээнд манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медалийн эзэн болоод байна.
Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэльд Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлснээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс 18 дахь алтан медалийг авчирлаа. Тэгвэл Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр ялсан юм. Сонирхуулахад, Монголын эмэгтэй бөхчүүд Красноярскийн Гранприд нэг жинд медалийн иж бүрэн цуглуулгатай буцсан хоёр дахь тохиолдол болж байна. Гурван жилийн өмнө буюу 2019 онд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг алт, ОУХМ Э.Даваанасан мөнгө, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж байв. Маргааш буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан алт, Д.Цогзолмаа, 76 кг-д Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдана. Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо