Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж Казахстанаас мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр үдээс өмнө нь шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд шалгарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.

Ийнхүү Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болов.