Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

“Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.

Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.

Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй хамт УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцүүлж байна.

Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхмыг эхлүүлж байна. Эх орондоо энэхүү хүнсний хувьсгалыг гардан хийх эгэл баатрууд бол хүнс үйлдвэрлэгч Та бүхэн билээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой. Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой.

Ялангуяа дараах асуудлуудад төр, хувийн хэвшил тал талдаа онцгой анхаарч, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  • Дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх;
  • Төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүнсний хяналт, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох;
  • Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр ложистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх;
  • Хүнс үйлдвэрлэлийн үндэсний стандартаа шинэчлэн тогтоох, олон улсын стандартад нийцүүлэх, хүнсний сүлжээний үе шат болгонд стандартыг чанд мөрдүүлэх;
  • Хүнсний аюулгүй байдлын хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;
  • Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшууллыг олгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
  • Шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэхэд Төрөөс дэмжих;
  • Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр тоноглогдсон хүнсний тээврийн паркийг шинээр бий болгож, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болох;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх;
  • Үндэсний брэнд хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгоход бүх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.

Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.

Эх орондоо “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийцгээе” гэлээ.