Гадаад харилцааны сайдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Раутай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа идэвхтэй өрнөж буйг талууд онцолж, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, цахим хөгжил, боловсрол, соёл урлаг, байгаль орчин зэрэг олон салбарт улам бүр  өргөжүүлэх талаар ярилцлаа.

Мөн ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал арга хэмжээний талаар санал солилцож, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулахад тэдгээр айлчлал, арга хэмжээ чухал гэдэгтэй санал нэгдлээ.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцолж, түүнийг улам бүр эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа сэргээн нээснийг бид сайшааж, энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй, иргэд хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.

Монгол, Польшийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, уулзалтын үеэр тохиролцсон санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ талууд нотоллоо.

Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, энэ хүрээнд хоёр орны харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийллээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны даргаар ажиллаж, бүх талын хүчин чармайлт гарган ажиллаж байгааг Монгол Улс сайшааж байгааг илэрхийллээ.

Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхээ талууд мөн нотоллоо.

Эх сурвалж: ГХЯ