Хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан талаар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн байна. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ.

Мөн  2199 золбин нохой, муурыг устгасан байна. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гараж буулгахаар төлөвлөснөөс 246 гараж чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

Зөвшөөрөлгүй гараж, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов  гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.