Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Шинэ хүйтэн дайнаас сэргийлэх нь” сэдэвт албан бус уулзалт болон “Хямралыг даван туулах нь” сэдэвт эмэгтэй манлайлагчдын оройн зоог, уулзалтад оролцов.

Чуулга уулзалтын хүрээнд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар 5 дугаар сарын 25-нд уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцохоос гадна монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал эмчилгээний зорилгоор зорчих манай иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх, цаашид харилцан визгүй зорчих чиглэлд анхаарал тавихыг хүсэв.

Мөн Нээлттэй засаглалын түншлэлийн төлөө байгууллагын Ерөнхий захирал Санжай Прадантай уулзаж, тус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улс иргэний оролцоотой нийгэм, цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр олсон амжилтуудаа баталгаажуулан ардчиллыг бэхжүүлэх, хамгаалах зэрэг төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллахаар тохиролцов.

Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт өчигдөр буюу 5 дугаар сарын 26-нд өндөрлөлөө.